А.Миранчук Оросыг аварч, Итали хэсгээсээ гарлаа

06/17/2021 Нийтлэгч: 901

Финланд 0:1 ОХУ

Хэсгийн шатны хоёр дахь тоглолт үүгээр эхэллээ. Эхний тоглолтдоо тэс өөр үр дүн хүртсэн хоёр баг энэ удаад харилцан адилгүй зорилго тээж талбайд гарсан нь дамжиггүй. Учир нь оросуудад зөвхөн хожил хэрэгтэй бол финландууд оноо авах нь чухал байв. Таамаг ёсоор ч тоглолт эхэллээ. Оросууд санаачлагыг авч, сул орон зайг эрэлхийлж байв. Иймдээ ч эхний хагасын төгсгөлд Италийн “Аталанта” клубын довтлох чиглэлийн хагас хамгаалагч Алексей Миранчук өөрийн ур чадварыг гайхуулж буй мэт ганган гоолыг орууллаа. Хүссэн үр дүндээ хүрсэн оросууд үлдсэн хугацаанд сайн тоглолтоо хадгалснаар эхний оноогоо авлаа. Тэд хамгийн сүүлд 2012 оны Европын аваргын нээлтийн тоглолтод Чехийг хожсоноос /4:1/ хойш анх удаа ялалт байгуулжээ.

Гоол орж буй мөч

Гоолын эзэн Алексей Миранчук “Тийм ээ. Би гайхалтай гоол оруулсан. Гэхдээ энэ тийм ч чухал зүйл биш. Бид өнөөдөр зайлшгүй хожих шаардлагатай байсан. Иймээс бүгд л маш их хичээж тоглолоо. Гурван оноогоо ч авч чадлаа. Одоо энэ эрчээ алдахгүй байх хэрэгтэй. Учир нь энд зөвхөн шилдгүүд л цугларсан. Тиймээс тоглолт бүрт сайн байх нь чухал.”

Тоглолтын эхэнд финланд залуу Жоель Поханпало хаалганы торыг мялаасан ч тооцогдоогүй билээ. Энэ талаар багийн анд Паулус Арахури “Түүнийг хэр их зайтай отонд орсныг мэдэхгүй л дээ. Гэхдээ л бид тэргүүллийг авахад ойрхон байсан шүү. Ер нь тамирчид гоол ороход асар их эрч хүчийг мэдэрдэг. Харин тооцоогүй бол тэр эрч хүчийг сорох шиг л болдог. Вар өнөөдөр бидний талд байсангүй. Гэхдээ би залуустаа сэтгэл хангалуун байна. Хэдийгээр оросууд сайн байсан ч бидэнд хожих боломж байлаа шүү дээ.”

Тоглолтын тойм

Турк 0:2 Уэльс

Тэмцээн эхлэхээс өмнө хамгийн шилдэг хамгаалалттай багийн нэгээр Турк нэрлэгдэж байлаа. Харин шүгэл дуугарсан цагаас тэд хараахан тийм байсангүй. Өмнөх тоглолтод гурван гоол алдсан тэд өнөөдөр хэрхэн хамгаалах нь сонирхол татаж байлаа. Тоглолтын эхнээс л Уэльсийн сүпер хослол болох Гарэт Бэйл, Аарон Рамси туркын хамгаалагчдыг ядах юмгүй аргалж байлаа. Энэ ч утгаараа 42 дахь минутад Гарэт Бэйлийн дамжуулалтаар Аарон Рамси салхийг хагаллаа. 

Сонирхуулахад, өмнө нь түүнийг гоолдсон тохиолдолд хэн нэгэн алдартан нас бардаг гэсэн статистик үргэлжилж байсан билээ. Гэхдээ энэ шөнө юу ч болсонгүй шүү. 

Хэсгээс гарахын тулд зайлшгүй оноо хэрэгтэй байсан туркууд үлдсэн хугацаанд бөмбөгийг илүүтэй эзэмшиж довтолж байсан ч төдийлөн аюул тарьж чадсангүй. Эсрэгээрээ Уэльсийн сөрөг довтолгоо аюултай болж байв. Иймдээ ч тоглолтын сүүлийн минутад Коннор Робертс эцсийн цэгийг тавьсан юм. Үдшийн шилдгээр багийн ахлагч Г.Бэйл тодорчээ. Гэхдээ тэрбээр энэ тэмцээний анхны 11 метрийн торгуулийн цохилт алдсан эрхэм болсон юм.

Тэрээр энэ талаар “Бид өнөөдөр хожлын төлөө талбайд гарсан. Ялалт байгуулсандаа баяртай байна. Мэдээж хэрэг би торгуулийн цохилт алсдсандаа бага зэрэг сэтгэл гонсойсон. Гэхдээ би үргэлжлүүлэн сайн тоглохыг хичээсэн. Иймдээ ч хоёр дахь дамжуулалтаа хаяж чадлаа. А.Рамсигийн хувьд тэр хэд хэдэн удаа торгуулийн талбай руу нэвтэрж орж байсан. Үүнийг нь би анзаарсан. Бидний ойлголцол сайн байлаа.”

11 метрийн торгуулийн цохилт

Энэ тоглолт ЕАШТ-ий 300 дахь тоглолт болж түүхэнд үлдлээ.

Туркын шигшээ багийн дасгалжуулагч Шенол Гүнеш “Уэльсчүүд сайн байлаа. Ялангуяа урд талын гурав нь үнэхээр үр дүнтэй байж чадлаа. Тэд хэсгээс гарах сайхан боломжтой боллоо. Харин бид тоглолтыг тааруу эхлүүлсэн. Гэхдээ бага багаар хэмнэлээ олж эхэлсэн. Үүний дараагаар олон ч боломж үүсгэлээ. Гэвч гоол оруулж чадсангүй.”

Тоглолтын тойм

Итали 3:0 Швейцарь

Энэ өдрийн сүүлийн тоглолт италичуудын давамгайллаар өндөрлөлөө. 26 дахь минутад Марко Верратиг орлон тоглож буй Мануэль Локателли Доменико Берардигийн гайхалтай дамжуулалтыг асуудалгүй төгсгөв. Гэхдээ онооны самбар дахь түүний гоол энэ хүрээд дууссангүй. Хоёрдугаар хагас эхлээд удалгүй тэрбээр торгуулийн шугамны гаднаас хаалгачийн зүүн буланд гайхалтай нэгэн цохилтоор бэлэг барьж тоог улам холдууллаа. Үлдсэн хугацаанд төдийлөн онцлох үйл явдал бололгүй тоглолт дуусах шатандаа орж байхад “Лацио” клубын довтлогч Чиро Иммобиле тэмцээний хоёр дахь гоолоо нэр дээрээ бүртгүүлж чадсан юм. Ийнхүү Роберто Манчинигийн залуус хэсгээс гарах эрхээ өвөртөллөө. Тэд хэсгийн сүүлийн тоглолтоо Уэльсийн эсрэг хийж хэдээр гарахаа шийдэх юм. 

Гэхдээ сайны хажуугаар саар мэдээ ч тэдэнд байлаа. Тоглолтын эхлэлд туршлагатай төвийн хамгаалагч Жоржио Кьеллинигийн гуянд зовуурь мэдрэгдсэн учир талбайг орхисон юм. Тэрээр маргааш өглөө Флоренцэд эмчийн үзлэгээр орохоор болжээ.

Тоглолтын шилдгээр Мануэль Локателли тодорсон юм. Итали залуу өмнө нь шигшээ багийн төлөө 11 тоглолтод оролцохдоо нэг гоолыг оруулж байсан бол өнөөдөр хоёрыг нэмлээ. 

Тэрбээр тоглолтын дараа “Шилдгээр нэрлэгдсэндээ баяртай байна. Гэхдээ би үүнийг багийхантайгаа хуваалцахыг хүсч байна. Учир нь бид нэг хамт олон шүү дээ. Эхний гоолыг би гэр бүлдээ зориулсан. Берардид бөмбөгөө дамжуулсны дараа би түүнийг юу хийхийг сайн мэдэх учир торгуулийн шугам руу дагаж гүйсэн. Ингээд л гоол орсон. Харин хоёр дахь гоолыг Италийн хөгжөөн дэмжигчдэд зориулсан юм. Учир нь бид тэднийг баярлуулахыг төлөө л тоглодог шүү дээ.”

Италичууд сүүлийн 10 тоглолтдоо гоол алдсангүй. Тэд энэ хугацаанд нэг тоглолтод хоёроос дээш гоол дунджилж нийт 31-ийг оруулжээ. Мөн 2018 оны 9 сард Португалд хожигдсоноос хойш 29 тоглолт дарааллан ялагдлын амтыг мэдрээгүй байна.

Тоглолтын тойм

Сүүлд нэмэгдсэн

Их мастерын ээлжит түрүү

1969 оны улсын аварга, даамын спортын ууган мастеруудын нэг Ц.Сандууз агсны нэрэмжит “Зүтгүүрийн депо 2022” өндөр зэрэгтэй даамчдын уламжлалт тэмцээн… Дэлгэрэнгүй …

Дэлхийн аварга В.Щёголев таалал төгсөв

Дэлхийн хошой аварга (1960, 1964), Олон улсын их мастер Вячеслав Щёголев 81 насандаа таалал төгслөө. Байрлалын тоглолтын мастер, орчин үеийн… Дэлгэрэнгүй …

Спортын мастер Ц.Сандууз агсны нэрэмжит Зүтгүүрийн депогийн 41 дэх удаагийн тэмцээний удирдамж

Нэг. Нийтлэг зүйл Тэмцээний зорилго нь уламжлалт тэмцээнийг үргэлжлүүлэн зохион байгуулах, өсвөр, залуучуудын ДАШТ-д оролцох тамирчдын бэлтгэлжилтийг хангах, даамын спортын… Дэлгэрэнгүй …

Сонирхогчдын лигийн 6 дахь цуврал тэмцээн боллоо

Өнгөрөгч ням гариг буюу 2022 оны аравдугаар сарын 9-нд Сонирхогчдын лигийн 6 дахь цуврал тэмцээн Хан-Уул дүүргийн Соёлын ордонд болж… Дэлгэрэнгүй …

А.Оюун багшийн нэрэмжит тэмцээн болов

Даамын спортын дэд мастер, Боловсролын тэргүүний ажилтан Авламын Оюуны нэрэмжит Өвөрхангай аймгийн аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээн 2022 оны… Дэлгэрэнгүй …