Холимог тулааны од „Кимбог сүйрүүлэгч“ Шон Ганнон нас баржээ

09/14/2021 Нийтлэгч: 404

Тэртээ 2005 онд холимог тулааны октагонд хөл тавьж олноо танигдсан цагдааг өнгөрсөн бямба гаригт нас барсан тухай гэр бүлийнхэн нь олон нийтийн сүлжээгээр зарласан бөгөөд үхлийн шалтгааныг тодорхой мэдээллээгүй байна. Ганнон 17 жилийн өмнө тухайн үеийн ялагдашгүй хэмээх Кимбо Слайсыг гудамжны тулаанаар ялж, UFC-д тулалдах боломжоо атгаж байснаар нь тулаан сонирхогчид мэддэг.

Одоогоос 20 жилийн өмнө АНУ-ын Флорида мужийн гудамжны тулаанд од болон гялалзсан африк америк гаралтай Кимбо Слайсын бичлэг интернет орчинд шуугиан тарьж байсан юм. Кимбо Слайс өрсөлдөгчдөө ээлж дараалан буулган авсаар, улмаар түүнтэй эгнэх өрсөлдөгч ойр хавьд байхгүй болсон байв.

Харин удалгүй Кимботой тулалдахаар нэг цагаан залуу гарч ирсэн нь Бостоны цагдаагийн офицер “их буу” хочит Шон Ганнон байв. Ш.Ганнон өмнө нь холимог тулааны сонирхогчийн түвшинд тулалдаж, боксын төрлөөр улсын аварга шалгаруулах тэмцээнд зургаан удаа “алтан бээлий” шагнал хүртэж, жүдо бөхөөр орон нутгийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байсан шаггүй нэгэн байжээ.

Нэгэн спорт зааланд хоёр тулаанчийн тулаан болсон юм. Тулааны эхлэл эмх замбараагүй болсон нь хоёр тал дүрмийн талаар тодорхой ойлголтгүй байсантай холбоотой байсан бизээ. Талууд тулааныг зөвхөн босоо байдлаас хийхээр тохиролцсон ч тулааны явцад эцэж цуцсан Слайс өрсөлдөгчөө газарт унагаах оролдлого хийсэн. Харин Ганнон өрсөлдөгчдөө гильотен боолтоор бэлэг барьсан байна. Слайсын дэмжигчид хөндлөнгөөс нөлөө үзүүлэхийг оролдож удалгүй тулаан босоо байдлаас үргэлжилжээ.

Ийнхүү есөн минутын турш тулаанчид бүхнээ шавхсаны эцэст Слайс өрсөлдөгчийнхөө ээлж дараалсан цохилтыг даалгүй унаж, ахин босон тэмцэж чадаагүй юм. Энэ тулааны бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдаж тэр байтугай зарим фото зургууд нь “Boston Herald” сэтгүүлийн нүүрэн дээр буусан нь, UFC холбооны анхаарлаас гадуур өнгөрч чадаагүй.

Төд удалгүй Ганнон UFC-тэй гэрээ байгуулсан байдаг. UFC 55-д тэрээр анхны тулаанаа Брэнден Ли Хинклтэй хийж техникийн хүнд цохилтоор ялагдсан нь түүний UFC-д хийсэн анхны бөгөөд эцсийн тулаан байсан билээ. Тулаанаас хойш нэг жил өнгөрсний дараа түүнийг тархины гэмтлийн улмаас ажил үүргээ биелүүлэх боломжгүй болсон гэдгийг Бостоны цагдаагийн газраас мэдэгдэж, түүнийг бичиг хэргийн ажилд томилсон. Энэ явдлыг эсэргүүцсэн Ганнон Массачусетын дээд шүүхэд гомдол гарган, зарга мэдүүлж улмаар заргаа авсан.

Харамсалтай нь тэрээр дээд албан тушаалтнуудтайгаа таарамжгүй байсан, хамтрагч нартайгаа зүй бусаар харьцсан, тэр байтугай өөрийн байгууллагын баримт мэдээллийг “Холбооны мөрдөх товчоо”-д өгсөн хэргээр ажлаасаа халагдсан гээд хувийн амьдралд нь бэрхшээл саад чамгүй тохиолдсон.

Холимог тулаан сонирхогчдод тэрээр гудамжны тулааны нэрт төлөөлөгч Кимбо Слайсыг анх зогсоосон гэдгээрээ дурсамж болон үлдэх нь дамжиггүй юм.

Сүүлд нэмэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ухаанаа уралдуулав

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан зуун буудалт даамын тэмцээн энэ сарын 17-ны өдөр боллоо. Тэмцээний дүн Харааны бэрхшээлтэй… Дэлгэрэнгүй …

Д.Батгэрэл өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялав

Талын шуурга хочтой Данаагийн Батгэрэл АНУ-н Невада мужийн Лас Вегас хотноо зохиогдсон UFC Vegas 40 тэмцээнд өрсөлдөгчөө нэгдүгээр үед хүнд… Дэлгэрэнгүй …

Ц.Сүхбат: Дэлхийн шилдэг тамирчдын нэг болохыг зорьдог

 Дэлхийн даамны холбооны мастер, “Хасу-Мегаватт” ХХК-ийн тамирчин, “Хийморь хөлөг” клуб, “Монгени” сургуулийн шигшээ багийн дасгалжуулагч Ц.Сүхбат оюуны спортод амжилтаараа өнгөлж… Дэлгэрэнгүй …

Алдарт Жон “Яс” Жонс тодорхойгүй хугацаагаар Жексон Винк клубээс хөөгдөв

Холимог тулааны ертөнцийн домогт тулаанч Жон “Яс” Жонсыг тойрсон сөрөг мэдээлэл ээлж дараалан гарсаар байна. Өнгөрсөн лхагва гарагт түүний дасгалжуулагч… Дэлгэрэнгүй …

Оюун ухааны спортод нас хамаарахгүй ч туршлага оройтдог

Энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа 2016 оны Ази тивийн 100, 64 буудалт даамны аварга 2011-2014 аймгийн өсвөрийн аварга шалгаруулах 100… Дэлгэрэнгүй …