Р.Бомстрад ганцхан хожил хэрэгтэй

01/19/2022 Нийтлэгч: 194

Даамын дэлхийн аварга цолын төлөөх Рул Бомстра (Нидерланд) – Александр Шварцман нарын халз тулаан өндөрлөх шатандаа орлоо. Уг нь 2019 онд 10 дахь удаагаа дэлхийн аварга болсон А.Георгиев Р.Бомстратай “дуэль” хийх байсан ч тэрбээр цар тахлын улмаас тоглохоос татгалзсан юм. Дэлхийн даамын холбооноос 2019 оны ДАШТ-ий мөнгөн медальт БНХАУ-ын Пан Иминьд санал тавьсан ч мөн л цааргалсан хариу сонссон. Энэ хооронд Латвийн талаас 2019 оны ДАШТ-ий хүрэл медальт Г.Валнерисыгаа Р.Бомстратай тоглох ёстой хэмээн мэдэгдэл гаргасан ч FMJD үл хэрэгсэв. Үүний улмаас тоглолт тодорхойгүй хугацаагаар хойшилсон.

Тэгж байтал дараагийн ДАШТ 2021 онд Эстони улсад зохиогдож, аваргаар Александр Шварцман тодорлоо. Ингээд FMJD 2022 оны дэлхийн аварга цолын төлөөх халз тоглолтыг 2018 оны дэлхийн аварга Р.Бомстра, 2021 оны дэлхийн аварга А.Шварцман нарын хооронд хийхээр тогтов. Мэдээж 2021 оны ДАШТ-ий мөнгөн медальт А.Гетманский заргалдсан ч тусыг эс олсон. Ийнхүү олон адал явдал, саад бэрхшээлийг туулсны эцэст халз тоглолт энэ сарын 5-нд Голландын Эйндховен хотноо эхэллээ.

Халз тоглолтод хэн ялах вэ? Энэ асуултад ихэнх даам сонирхогчид, мэргэжилтнүүд залуу их мастер Бомстраг ялалт байгуулна гэдэгт итгэлтэй байна. “Эр бяр”, ур ухаан нь жигдэрсэн голланд залуу сүүлийн жилүүдэд үнэхээр өөлөх аргагүй өндөр түвшний тоглолт үзүүлж байгаа нь өргүүдээс нь илт анзаарагдаж буй. Халз тоглолтыг нутагтаа хийж буй түүний ард бүхэл бүтэн баг ажиллаж байгаа бол 64 болон 100 буудалт даамын олон тэмцээн “хэсэж”, аяншиж ядарсан Шварцман ямар ч туслагч, бэлтгэл хангагчгүй эхнэрийн хамт л Эйндховенд ирсэн юм. 2018 онд Бомстрад эсэргүүцэлгүй шахам 0:3-аар дийлдсэн тэрбээр энэ удаа дотроо нэгийг бодож ирсэн нь гарцаагүй. Ердөө сар гаруйхны өмнө блицийн дэлхийн аварга цолыг 10 дахь удаагаа хүртсэн Москвагийн их мастерын хувьд үндсэн тоглолтод яаж ийгээд тэсч үлдэн, түргэн тоглолтоор асуудлыг шийдэх тактиктай байгаа нь тодорхой байсан.

Гэвч бүх зүйл Шварцманы төлөвлөж байснаар өрнөсөнгүй, зургаа дараалан тэнцсэний дараа тай-брейкийн хамгийн бага цагтай төрөл болох супер блиц (10 мин + нүүдэл бүрт 2 сек)-д хоёр нүүдлийн цохилтод орж хожигдох нь тэр. Улмаар үндсэн тавилын 8 дахь өрөг дээрээ дахин тийм ч хэцүү биш комбинацид орж, хоёр дахь ялагдлаа амссан юм.

Өнөөдөр үндсэн цаг (80 мин + нүүдэл бүрт 60 сек)-аар тоглох сүүлчийн тавил Улаанбаатарын цагаар 19:00 цагаас эхлэх бөгөөд Бомстра хожвол шууд аваргын алдрыг хүртэж, тэнцэх буюу хожигдсон тохиолдолд маргааш тай-брейкээр (рапид, блиц, супер блиц төрлүүдээс бүрдэнэ) ялагчийг тодруулна. Тэмцээний журам ёсоор түрүүлж гурав нь хожсон нь даамын “хаан титэм”-ийг зүүх билээ.

Сүүлд нэмэгдсэн

“Амжилтын гараа” лигийн тэмцээний удирдамж

11 хүртэлх насны өсвөрийн тамирчдад зориулсан “Амжилтын гараа” лигийн тэмцээний удирдамжтай танилцаарай. Бүртгүүлэх холбоос: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeLwZs4vIU_xqgrmJjKrTh2pRACRBij-_Hfw-QKhV6Frly8jQ/viewform?fbclid=IwAR0pO_iVtFbq1aQXymDySrkQhz9RRg2WrCEQocQkY4fecGD3k3I2GHF7RNY

Залуучуудын УАШТ-ий дүн

20 дахь удаагийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн шинэ үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг Сономбалжирын Буяннэмэхийн мэндэлсний 120 жилийн ойд… Дэлгэрэнгүй …

“Сонирхогчдын лиг – 5” тэмцээний удирдамж

Нэг. Нийтлэг зүйл 1. Тэмцээний зорилго нь зуун буудалт даамын спортыг сурталчлах, хичээллэгсдийн хамрах хүрээг өргөжүүлэх, цар тахлын улмаас тасалдсан… Дэлгэрэнгүй …

Шигшээ тэмцээнд оролцох даамчид тодров

Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 25, эмэгтэйчүүдийн 24 дэх удаагийн хагас шигшээ тэмцээн 2022 оны тавдугаар сарын 6-8-нд “Монгени”… Дэлгэрэнгүй …